Tuesday, December 15, 2009

Стресс таниас салахгүй байна уу

Түрүүч нь өмнөх дугаарт
Хэдий хирийн зээл авах хэрэгтэй вэ гэдгээ эхлээд сайн тооцоол. Авсан зээл тань хүрэлцэхүү үгүй юу, бас бус завсрын зардлуудыг бүрэн гүйцэд тооцоолсон билүү гэж эхлээд шалгаж үзээрэй. За тооцоо хийгдчихсэн гэж үзье. Дараагийн асуудал банкнаас зээл авахын тулд барьцаанд тавих хөрөнгө хэрэгтэй.


Хөрөнгийн тань зах зээлийн үнэлгээ өнөөдрийн байдлаар хэд вэ?
Түүний 70%-иас ихгүй хэмжээний зээл олдоно гэж тооцоолбол хөрөнгө тань хангалттай хүрэлцэх нь үү?
Хөрөнгийн тань бичиг баримт зөрчилгүй бол хамтран эзэмшигчдийн дотор насанд хүрсэн хэдэн хүн байна?
Тэд зөвшөөрч, таныг дэмжиж байгаа юу?
Та өөрийн тооцоо төлөвлөгөөгөө тэдэнд ойлгогдохоор бүрэн тайлбарлаж чадсан гэдэгтээ итгэлтэй байна уу?
Тэд тантай хамт нотариатад очиж танд итгэмжлэл гаргаж өгөхөд бэлэн байна уу?
Тэдний иргэний үнэмлэх бичиг баримт ямар нэгэн зөрчилгүй юу?

Хэрвээ дээрх шаардлагад нийцэж байвал таны ажил өөрийн тань талаас саадгүй байх болно. Ингээд хийсэн тооцоогоо, барьцаанд тавих бичиг баримт, өөрийн бичиг баримтаа аваад банкны зээлийн эдийн засагчтай уулзаж ярилцах үлдлээ. Та хэдий хирийн зээл авах хүсэлтэй, түүгээр юу хийж бүтээж, ямар график төлөвлөгөөний дагуу эргүүлэн төлөх тооцоотой байгаагаа тайван, үнэн зөв, товчхон тайлбарлан ярьж, хийсэн тооцоогоо үзүүлнэ. Тэд таны тооцоог шинжилж үзээд, таны хөрөнгийн бичиг баримтыг шалгаад, хэрвээ шаардлагад нийцэж байвал анкет бөглүүлж, хөрөнгийн чанар байдлыг шалгаж үзсэний дараа үл хөдлөх хөрөнгийн газраас лавлагаа, хөрөнгийн барьцааны батлан даалт нотариатаар батлуулж авч ирэх гэх мэт баримт бичгүүд нэмж шаардана.

Хөөцөлдөх ажлын дарааллаа сайтар мэдэж аваад, очих газруудынхаа ажлын цагийн хуваарийг мэдэхэд ч бас илүүдэхгүй. Олон дахин нааш цаашаа явж, бүтэл муутайхан бухимдаж гүйхийн оронд тайван, хүнээ зөв хуваарилж, ажлаа түргэн амжуулах аргаа бодох нь дээр. Иймэрхүү ажлыг хөөцөлдөхөд банкны зээлийн эдийн засагч нар, нотариатынхан танд зөвлөж хэлж өгнө. Бас өмнө нь зээл авч байсан туршлагатай хүмүүс энэ ажлыг маш түргэн хугацаанд амжуулдаг тул тэднээс зөвлөгөө авахад буруутахгүй.

Ийм маягаар аливаа ажлыг хөөцөлдөхөд урьдчилан сайтар мэдээлэл авах, зөв төлөвлөж тооцоолохгүйгээр бүтэлтэй юм болохгүй гэдгийг санаж яваарай.

Хүнд өөрийн бодол санаагаа оновчтой, товчхон ойлгуулж сурах, бас бусад хүмүүс таны төлөвлөгөөг нурааж мэдэх тул хамгаалах аргаа ч гэсэн урьдчилан бодож олсон байвал сайн байдаг.

Яаран уурлаж бухимдах хэрэггүй. Уурлаж уцаарласан хүнтэй хүн чөлөөтэй нээлттэй харьцах дургүй байдаг тул та өөрийнхөө замд чөдөр тушаа л тавина гэсэн үг.

Манай Монголчууд сэтгэл сайтай, гэнэн, сэтгэлийн хөдөлгөөн хөөрлөөрөө асуудалд хандаж, алдах гээд байдаг сул тал бий. Урьд хүн бүхэн нэг нэгэндээ сэтгэл харамгүй тусалж, бусдын төлөө юугаа ч хайрлахгүй гүйдэг байсан тэр л сайхан цаг үеийнхээрээ өнөөдрийг төсөөлж арай болохгүй болсон шүү дээ. Хүн бүхэн өөрт ноогдсон үүрэг хариуцлагаа мэддэг болсон, хуулиа бага сага гадарладаг болсон, сүүлд нь гарч болох үр дагаврыг мэддэг болсон гээд л нэг үгээр хэлбэл арай хашир сууж байгаа юм болов уу даа.

Юу юуны духанд хүрэлгүй хөл алдан гүйхээ больсон гэдэгтэй эвлэрээрэй. Танд тусалж, таны өмнөөс бүх юманд тань гүйж өгсөнгүй гэж гомдох шаардлагагүй. Мөн өөрийгөө битгий дутуу үнэлээрэй. Бусдын хийж бүтээж чадаж байгаа юмыг та ч гэсэн өөрийнхөө хир хэмжээнд хийж чадна гэдэгтээ итгэлтэй байвал таны ажил үйлс бүтэмжтэй байх болно. Хэн нэгэнд найдаж, тэр л бүтээж өгөх байх, би яагаад ч чадахгүй гэж бодож хойшоо суухын оронд нохой хамартаа хүрэхээр усч гэдгийн үлгэрээр өөрөө оролдоод үзээрэй. Эхний удаад амжилт муутай байж мэднэ. Дараагийн удаад та арай илүү туршлагатай болсныхоо ачаар ажлаа арай түргэн хугацаанд амжилттай хийж гүйцэтгэж, амжуулж чадна гэж бодож яв.

Та өөрийгөө завгүй байлга. Завгүй байх тусам хүн янз бүрийн бодол санаа эргэлдэхгүй, стрессээс амархан гарч чадна.

No comments:

Post a Comment